www.monregion.gov.mn
Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 15 өдөр, Баасан гариг

Баруун бүсийн зөвлөлөөс хийсэн ажлын тайлан. PDF Хэвлэх И-мэйл
Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг Монгол улсын Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид манай бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчны өнөөгийн байдал, орон нутгийн нөөц бололцоо, давуу, сул талыг судалсны үндсэн дээр Баруун бүсийг 2006-2015 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, 2005 онд Засгийн газрын 202 дугаар тогтоолоор батлан гаргаснаас хойш 5 жил гаруй болж хэрэгжилтийн эхний үе шатны дүнг 2010 оны байдлаар гарган танилцуулсан билээ.

Бүсийн хөгжлийн хөтөлбөрт 1, 2 дугаар шатанд хэрэгжүүлэх тэргүүлэх зорилт болон үйл ажиллагаа, арга хэмжээний зорилт, зорилго, хүрэх түвшинг тодорхой заасан билээ.

Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр нь "эдийн засгийн хөгжил", "нийгмийн хөгжил", "байгалийн нөөцийн ашиглалт, байгаль орчны хамгаалал" гэсэн 3 үндсэн бүлгээс бүрдсэн бөгөөд хөтөлбөрийн эхний үе шатанд эдийн засгийн салбарын 17 зорилт, үйл ажиллагааны 156 чиглэл, нийгмийн салбарын 18 зорилт, үйл ажиллагааны 146 чиглэл, байгаль орчныг хамгаалах 10 зорилт, үйл ажиллагааны 81 чиглэлийг хэрэгжүүлэхээр тусгагдсан байна.

Нэг. Бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр
хийсэн ажлууд
Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүсийн зөвлөл, бүсийн аймгуудын бүх шатны байгууллагууд, төр засгийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Бүсийн зөвлөлөөс хөгжлийн хөтөлбөрийн эхний үе шатны зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний 5 жилийн төлөвлөгөө гаргаж, бүс аймгийн түвшинд бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах асуудлууд төр, засгийн түвшинд тавьж шийдвэрлүүлэх асуудлууд, бүс нутгийг хөгжүүлэх санхүү, хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, олон нийтийн оролцоо, мэдээлэл сурталчилгааны ажлыг сайжруулах гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирлээ.

Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтууд, үйл ажиллагааны чиглэлүүдээр бүсийн аймгууд өөрийнхөө онцлог, нөөц бололцоонд тулгуурлан орон нутгаа хөгжүүлэх хэтийн болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогоо боловсруулан ажиллаж байна. Тухайлбал: Говь-Алтай, Завхан аймгууд 2021 он хүртэл" Хөгжлийн цогц бодлого" Ховд аймаг 2015 он хүртэлх "Хөгжлийн хөтөлбөр"," Оюунлаг Ховд" /2009-2021/хөтөлбөр Увс, Баян-Өлгий аймаг 2020 он хүртэлх "Хөгжлийн чиг хандлага" баримт бичгийг боловсруулан ИТХ-аараа батлан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн I шатны зорилт, чиглэлүүдийг аймгуудын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, төсөв төлөвлөгөөнд тусгуулж биелэлт, тайланг бүсийн зөвлөлд нэгтгэн ажиллаж байна.

Бүсийн хөгжлийн хөтөлбөрт дэвшүүлсэн зарим зорилтыг онцгойлон анхаарч Баруун бүсийн аялал, жуулчлалын салбарын хөгжлийн хөтөлбөр /2007-2015/, Баруун бүсийн "Чацаргана" хөтөлбөр, Баруун бүсийн соёлыг хөгжүүлэх хөтөлбөр /2008-2012/-үүдийг боловсруулан бүсийн зөвлөлөөр хэлэлцэн баталж хэрэгжүүлж байна.
Бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүсийн аймгуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор бүсийн хэмжээний зөвлөгөөн, онол практикийн бага хурал, сургалт семинарыг жил жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон БХҮХ-ны ажлын албаны график, Монгол улсын шадар сайдтай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийг гэрээнд тусган зохион байгуулж байна. Тухайлбал:

-2006 онд "Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид эрчимжүүлэх зорилтын тухай"
- 2007 онд "Бүсийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж" салбарын зохистой бүтцийг бий болгох"
-2008 онд Баруун бүсийн ХАА-н түүхий эдэд суурилсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар
-2009 онд Гадаадын хөрөнгө оруулалтын газартай хамтран "Гадаадын хөрөнгө оруулагчдын баруун бүсийн чуулга уулзалт"
-2010 оны 2-р сарын 5-нд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ШУА-тай хамтран "Баруун бүсийн хөгжил- шинжлэх ухаан технологи" эрдэм шинжилгээний бага хурал
-2010 оны 9 дүгээр сард "Баруун бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх" зөвлөгөөн
-2011 оны 6 дугаар сарын 15-нд "Баруун бүсийн хөгжлийн тулгамдсан асуудлууд" цаашдын зорилт сэдвүүдээр хийсэн юм.

Бүсийн хөтөлбөр хэрэгжих хугацаанд Баруун бүсийн түншлэл- үзэсгэлэн худалдааг 6 удаа зохион байгуулснаар бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх ажлыг өргөтгөн хөгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид харилцан туршлага солилцох, цаашдын ажил, үйлчилгээний холбоо тогтоох, хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж байна.

"Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн цаашдын зорилтын тухай зөвлөлийн даргын илтгэлийг 2009 онд Засгийн газрын хуралдаанд, 2010 онд ШУА-тай хамтран зохион байгуулсан "Баруун бүсийн хөгжил- ШУ технологи эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцэж УИХ, Засгийн газар, холбогдох яамдад хөтөлбөр хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлж эрчимжүүлэх асуудлаар зөвлөмж хүргүүлж хэрэгжилтийг хангах талаар багагүй санаачлага тавьсан боловч биелэлт төдийлөн хангалттай биш байна.

Баруун бүс нутгийн хөгжил, ирээдүйн тухай Баруун бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн байдал, бүсийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулалтын гүйцэтгэх үүрэг, боломжийн тухай, Баруун бүс нутгийг хөгжүүлэхэд хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүнд нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо, хамтын ажиллагааны тухай илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэн санал, зөвлөмж гаргаж хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгож ажиллаа.

Саяхан 10 дугаар сарын 21-нд Баруун бүсийн зөвлөл, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд их сургууль, Бүс нутгийг дэмжих хөтөлбөрийн газар, Ховд судлалын төв хамтран "Баруун бүсийн байгаль, нийгэм, эдийн засгийн онол практикийн бага хурлыг Ховд аймагт зохион байгуулж Улаанбаатар хот , Завхан аймгаас МУИС-ийн бүрэлдэхүүн Завхан сургууль, Шинжлэх ухааны академийн харъяа Баян- Өлгий аймаг дахь НЭЗС төв, Увс аймаг дахь хөдөлмөрийн дээд сургууль, ХоИС-ийн эрдэмтэн судлаачид 50 хүн оролцож, Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт сэдвээр 40 шахам илтгэлийг нэгдсэн болон салбар хуралдаанаар хэлэлцүүлж Бага хурлаас УИХ, Засгийн газар , Бүсийн зөвлөл, аймгуудын ИТХ, Засаг дарга, ШУА, Улсын болон бүсийн аймгуудад үйл ажиллагаа явуулж буй их дээд сургууль, Эрдэм шинжилгээний байгууллагуудад хандан санал зөвлөмж гаргаж цаашид бүс нутгийн хөгжлийн асуудлаар идэвхтэй эрчимтэй санал санаачлага дэвшүүлэн удирдах төр, захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэх болон бүс орон нутаг нөөц боломжоо дайчлан ажиллахаар шийдвэрлэсэн юм.

Хоёр. Бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн
Хөтөлбөрийг 2 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний үе шатанд хэрэгжүүлсэн байдлыг та бүхэнд танилцуулъя.
Эхний үе шат болох 2006-2010 онд хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагааны үр дүнг нь тооцон дүгнэлээ.
Хөгжлийн гол үзүүлэлт нь бүсийн хөгжлийн төлөвлөлттэй нийцсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт нэмэгдэж, эдийн засаг нийгмийн салбаруудын ажил сайжирч, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжил эрчимжсэнээр ажилгүйдэл, ядуурал үлэмж буурч, нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүн өссөн байх асуудал юм.

Бүсийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр баруун бүсэд оруулсан хөрөнгө оруулалтыг судалгаагаар харуулахад:
№ Бүсийн хөрөнгө оруулалтын дүн 2006 2007 2008 2009 2010 Нийт дүн
1 Цахилгаан, эрчим хүчний салбарт 6050,4 48410,1 18804,6 5631,0 7413,0 86309,1
2 Зам, гүүр, тээвэр, холбооны салбарт 6306,2 7410,2 16364,4 26150,1 15604,4 71835,3
3 Дулаан, усан хангамж, орон сууцны ажил 2025,0 4374,2 5196,6 650,0 5146,7 17392,5
4 Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт 2596,1 3551,5 4817,9 630,0 436,8 12032,3
5 Боловсролын салбарт 1406,3 5115,0 6928,0 5810,2 10625,4 29884,9
6 Соёл, урлагийн салбарт 362,2 1540,3 3316,0 3032,7 4639,2 12890,4
7 Эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт 1383,9 2166,0 3224,0 5007,9 5174,4 16956,2
8 Төр захиргаа, хууль хяналтын байгууллагад 803,7 3622,8 6204,8 1118,4 3294,8 15044,5
9 Байгаль орчныг хамгаалахад 160,7 284,0 741,0 170,0 599,5 1955,2
ДҮН
21094,5 76474,1 65597,3 48200,3 52934,2 264300,4

Бүсийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 2006 онтой 2010 оны хөрөнгө оруулалтыг харьцуулахад 2,5 дахин өссөн байна. Өнгөрөгч 5 жилд оруулсан нийт хөрөнгө оруулалтын санхүүжилтыг салбараар тооцоход цахилгаан эрчим 32,6, Зам , гүүр, тээвэр, холбоо 27,1, орон сууц, дулаан, усан хангамж 6,6, үйлдвэр, хөдөө аж ахуй 4,5, Боловсрол 11,3, соёл урлаг 4,8, эрүүл мэнд нийгмийн хамгаалал 6,4, төр, захиргаа, хууль хяналтын байгууллага 5,6 хувийг тус тус эзэлж байна. Эндээс үзэхэд хөрөнгө оруулалтын дийлэнх буюу 66,3 хувь нь бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулагджээ.

1 дүгээр шатны хэрэгжилтийн хугацаанд Увс, Баян-Өлгий, Ховд аймгууд тэдгээрийн ихэнх сумууд, ЦДАШ, дэд станцууд байгуулагдаж Увс, Ховд, Баян-Өлгий аймаг , ихэнх сумдын хамтаар Дөргөний УЦС, ОХУ-ын зэрэгцээ холболтоор байнгын цахилгаан эрчим хүчээр хангагдав.

Мөн бүсийн аймгуудад улсын болон орон нутгийн чанартай босоо, хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай замууд, төмөр бетон гүүрүүд, Увс, Баян-Өлгий аймагт Нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт спортын цогцолбор, хүүхэд залуучуудын ордон, парк, соёл амралтын хүрээлэн, Говь-Алтай аймгийн "Алтай чуулга"-ын байр, Завхан аймгийн хөгжимт драмын театрын барилга 800 хүний суудалтай, соёлын төвүүд, номын сан, сургуулиудын хичээлийн болон дотуур байр, спортын заал, аймгийн төвд төрөх ба хүүхдийн эмнэлгүүд зэрэг олон томоохон барилга байгууламж шинээр баригдаж, их засварын хөрөнгө оруулалт хийгдээд байна.

Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд Баруун бүсийн аймаг, сумдын тохижилт соёлжилт сайжирч, ард иргэдийн ажиллаж амьдрах, ая тухтай орчин нөхцөл бүрэлдэж байгааг тэмдэглэхэд таатай байна. Гэвч Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийн эхний шатны тэргүүлэх зорилт, үйл ажиллагааны чиглэлүүдийн хэрэгжилт хангалттай биш байна.

Бүсийн зөвлөлийн ажлын албанаас дүгнэхэд хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний үе шат /2006-2010/ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тэргүүлэх 45 асуудлын хэрэгжилт 62,9 хувь, үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээний 383 асуудал 59,5 хувь, нийт дүнгээрээ хөтөлбөрийн хэрэгжилт 61,2 хувьтай байна.

2010 оны сүүлээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөрийн дэмжлэгтэй үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, бүс нутгийн хөгжлийн академээс хийсэн хяналт шинжилгээний үнэлгээгээр 52,06 хувийн хэрэгжилттэй гарлаа. Хэдийгээр үнэн бодитой дүгнэлт бөгөөд бүхэлд нь авч үзвэл үнэхээр хангалтгүй үзүүлэлт юм. Иймд бид яагаад гэдэг асуултыг тавьж, учир шалтгааныг тодруулан цаашдын зорилт, арга замыг зөв тодорхойлох хэрэгтэй байна. Бүсийн хөтөлбөрийн зарим асуудлыг авч үзье. Нийт хүн амын 10 гаруй хувь нь шилжжээ.

Бүсийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжих хугацаанд бүсээс Улаанбаатар хот болон бусад аймагт шилжсэн өрх иргэдийн хөдөлгөөнийг аймгуудаар үзүүлэхэд:
д/д Асуултууд
--------------
онууд Увс Баян-өлгий Завхан Ховд Говь-Алтай Бүсийн дүн
өрх Хүн өрх Хүн өрх Хүн өрх Хүн өрх Хүн өрх Хүн
1 2006 299 1997 439 2073 130 561 404 2032 163 1391 1435 8054
2 2007 399 1718 360 1385 318 1371 385 1851 158 1371 1620 7696
3 2008 531 3706 240 780 744 3200 306 2936 216 1644 2037 12266
4 2009 513 3083 332 1497 805 3621 410 2104 210 1783 2270 12088
5 2010 457 3367 510 2721 1033 5473 674 4156 283 2410 2957 18127
ДҮН 2199 13871 1881 8456 3030 14226 2179 13079 1030 8599 10319 58231
Судалгаанаас үзэхэд шилжих хөдөлгөөн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд буураагүй 2010 онд 2 дахин өссөн дүн гарч байгаад дүгнэлт хийж ажиллах шаардлагатай.

Сүүлийн 3 жилийн Барилга угсралт, их засварын ажлын хөрөнгө оруулалт
Барилга угсралт, их засварын ажил, сая төг 2009/
2007 2009/
2008 Улсын дүнд бүсийн эзлэх
хувийн жин
2007 2008 2009 2007 2008 2009
Улсын дүн 364404,4 479623,4 250605,0 68,8 52,3 100,0 100,0 100,0

Баруун бүс 17873,5 45224,0 36734,3 205,5 81,2 4,9 9,4 14,7
Хангайн бүс 41811,7 60900,2 28645,2 68,5 47,0 11,5 12,7 11,4
Төвийн бүс 10995,4 21609,0 19160,7 174,3 88,7 3,0 4,5 7,6
Зүүн бүс 5486,6 9512,7 8047,6 146,7 84,6 1,5 2,0 3,2

Улаан-
баатар 288237,2 342377,4 158017,3 54,8 46,2 79,1 71,4 63,1
Судалгаанаас үзэхэд 2009 оноос эхлэн Баруун бүсэд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдсэн дүнтэй байна.
2010 оны дүн урьдчилсан байдлаар гарсан учир харьцуулалт хийгээгүй болно.
Хөрөнгө оруулалтыг Хангайн бүстэй харьцуулсан нь:
2009 онд Баруун бүсэд 36734,3 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь улсын хэмжээний дүнгийн 14,7 хувийг, 2008 онд 9,4 хувийг, 2007 онд 4,9 хувийг тус тус эзэлж байна.

Бүсийн аймгууд, түүний сумдад сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг, соёлын төвүүд шинээр барих болон их засваруудын хөрөнгө оруулалтыг орон нутгийн санал дүгнэлт авахгүйгээс бүсийн зарим сумдад баригдсан барилга обьектууд үйл ажиллагаа, үйлчилгээ явуулах шаардлага хангахгүй дахин хөрөнгө оруулалт хийгдэх, засварлаад ашиглах боломжтойг шинээр барих зэрэг үргүй зардал, үрэлгэн байдал гаргаж байгааг онцгой анхаарч оновчтой бодлогоор хөрөнгө оруулалт хийж чанар хангасан барилга байгууламжийг ашиглалтад авч байх журмыг чангатган хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй.

Дотоодын нийт бүтээгдэхүүн:
2007 он 2008 он 2009 он
ДНБ
сая
төг ДНБ-д эзлэх хувь ДНБ
сая
төг ДНБ-д эзлэх хувь ДНБ
сая
төг ДНБ-д эзлэх хувь

ХАА Аж үйлдвэр
барилга Үйлчил
-гээ
ХАА Аж үйлдвэр
барилга Үйлчилгээ
ХАА Аж үйлдвэр
барилга
Үйлчилгээ
Баян-Өлгий 60621,2 61,7 3,2 35,1 83897,2 53,3 4,3 42,4 77210,0 48,2 4,4 47,4
Говь-Алтай 56886,8 77,9 1,6 23,8 75214,1 70,0 -3,2 33,1 68497,4 64,1 -3,6 39,5
Завхан 75750,4 76,3 2,8 20,9 111982,4 70,5 -2,0 31,4 97650,3 65,2 -3,4 38,1

Увс 71629,0 74,0 5,4 20,6 92434,3 63,9 2,7 33,4 84655,6 56,5 3,8 39,6
Ховд 81098,8 79,3 2,9 17,7 115117,9 71,1 5,1 23,8 94238,4 66,0 3,3 30,7
ДҮН 345986,2 74,2 2,7 23,0 478645,9 66,3 1,5 32,2 422251,7 60,4 1,0 38,7

Баруун бүсийн аймгуудын дотоодын нийт бүтээгдэхүүний зонхилох хувийг ХАА-н бүтээгдэхүүн эзэлж байгаа учир мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг улам боловсронгуй болгож, энэ чиглэлд түлхүү анхаарал хандуулах хэрэгтэй.

2010 оны байдлаар манай улс 32,792,5 сая мал тоологдсоны 7,418,5 сая ба 22,7 хувийг баруун бүс эзэлж байна.

Бүсийн хөтөлбөр хэрэгжсэн жилүүдэд бүс, түүний аймгуудын малын өсөлт, бууралтын судалгаа

д/д Аймаг бүс 2006 2007 2008 2009 2010 2010/2006
өсөлт
бууралт
1 Баян-Өлгий 1.470.3 1.597.4 1.529.6 1.301.5 1.126.9 -343.4
2 Говь-Алтай 2.199.2 2.486.6 2.505.9 2.171.8 1.315.5 -883.7
3 Завхан 2.550.8 2.999.9 3.136.0 2.827.6 1.717.7 -833.1
4 Увс 2.400.9 2.653.5 2.499.3 2.319.1 1.619.3 -781.6
5 Ховд 2.293.8 2.564.3 2.486.7 2.268.4 1.639.1 -654.7
ДҮН 10.915.0 12301.7 12.157.5 10.888.4 7.418.5 -3496.5

Бүсийн мал сүрэг 2006 оныхоос 3496,5 мянган толгойгоор буурсан нь Байгаль цаг агаарын хүчин зүйлээс шалтгаалах боловч өнөөгийн нөхцөл байдалд мал аж ахуйг эрхлэн хөтлөх арга ажиллагаа, технологи, мал сүргийн бүтэц, бэлчээр ургамлын даац, нөөц, хадлан тэжээл, өвөл, хаврын бэлтгэл хангалтаас шалтгаалж байгаад дүгнэлт хийвэл зохино.

Эдийн засгийн хамгийн гол үзүүлэлтийн нэг бол нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн байдаг билээ. Үүнийг хүснэгтээр харуулбал:

Нэг хүнд ногдох ДНБ
2006 2007 2008 2009 2010
Баруун бүс 657,6 841,6 1170,0 1035,2
Хангайн бүс 1783,7 2421,5 2645,7 2461,7
Улсын дүн 1431,7 1745,4 2243,3 2213,5


Нэг хүнд ногдох ДНБ-ээр Хангайн бүсээс 2006 онд 2,7, 2007 онд 2,8, 2008 онд 2,3, 2009 онд 2,4 дахин бага байна. Улсын дундаж 2010 оны байдлаар 2.0 байх юм.

Нэг хүнд ногдох ДНБ Хангай, улсынхаас 2 дахин бага байгаа нь аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хөгжил сул байгааг харуулж байна.
Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийн эдийн засаг, нийгмийн голлох үзүүлэлтийг салбараар болон мөнгөн дүнгээр бусад бүстэй харьцуулан танилцуулга хийлээ.

Боловсрол, соёл, эрүүл мэнд, дулаан , барилга орон сууц болон хөрөнгө оруулалтууд жил жилийн сум, аймаг, улсын төсөв, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл аймгуудын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан хэрэгжиж байгаа тул энд дэлгэрэнгүй давтан нурших шаардлагагүй гэж үзэв.

Гурав. Бүсийн хөтөлбөрийн I шатны хэрэгжилтийн
явцад хийх үнэлэлт, дүгнэлт

Аливаа хөгжлийн хөдөлгөгч хүч нь эрүүл чийрэг оюунлаг хүн байх ёстой. Бид хүн төвтэй нийгэм, хүний хөгжлийг эрхэмлэхийг чухалчлан заасан билээ.
Бүсийн нийгмийн хөгжлийн хүрээнд хүний хөгжлийг хангах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүн амын боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх, эрүүл мэндийг сайжруулах талаар олон чухал арга хэмжээг хэрэгжүүлэхээр хөтөлбөрт тусгасан.

Баруун бүсэд 2010 оны байдлаар хүний хөгжлийн индексийн дундаж 0.700 болж хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт хангагдсан бөгөөд хүн амын дундаж наслалт 67,2, боловсролын түвшний индекс 0,937, нэг хүнд ногдох дНБ-ний индекс 0,460 болж 2006 оны түвшингээс дундаж наслалтын индекс 0,034, боловсролын түвшний индекс 0,023, ДНБ-ний индекс 0,029, хүний хөгжлийн индекс 0,028 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрт бүсийн эдийн засгийн салбарын бүтцийг шинэчлэх, дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий жилийн дундаж өсөлтийг 20-иос доошгүй хувьд хүргэнэ гэсэн зорилттой бол 2010 онд 14 орчим хувийн өсөлттэй байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд аж үйлдвэрийн салбарын хувийн жинг 50 гаруй хувиар өсгөсөн байх зорилт 2010 оны байдлаар 5,2%, үйлчилгээ 36,3 хувьтай байгаа нь бүсийн эдийн засгийн салбарын бүтцэд зохистой өөрчлөлт гараагүйг нотолж байна.

Хөтөлбөрт тусгагдсан баруун бүсийн хэвтээ болон босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам барих, ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглалтад оруулах, бүсийн тулгуур төвүүдэд үйлдвэрлэл технологийн паркууд байгуулах зэрэг бүсийн эдийн засгийн хөгжилд онцгой чухал нөлөө бүхий зорилтуудын хэрэгжилт зарим нь хугацаа алдаж ихэнх нь эхлээгүй байна.
Бүсийн аймаг, сумдын эрчим хүчний хангамжийг сайжруулах талаар ихээхэн хөрөнгө оруулалт хийж Дөргөн, Тайширын УЦС-уудыг барьсан боловч Дэлхийн дулаарал, байгаль экологийн хуурайшилт, цөлжилтөөс үүдэн төлөвлөсөн хүчин чадлаараа ажиллахгүйгээс Завхан, Говь-Алтай аймгийн ихэнх сумууд нь эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болоогүй байна.

Бүсийн хэмжээгээр мал сүрэг хамгийн ихээр өсөж 2007, 2008 онд 12, 301,7 сая мал тоологдож байсан бол 2010 оны эцсээр 7.418,5 мал тоологдож бараг 5 сая толгойгоор буурсан нь Байгаль цаг уурын хуурайшилт цөлжилт, бэлчээрийн даац хүрэлцэхгүйгээс шалтгаалсан гэх боловч, бэлчээрийн менежмент, малын үржил селекцийн ажлыг сайжруулах, хоршоо, нөхөрлөл, фермерийн аж ахуй байгуулах талаар хөтөлбөрийн заалтын хэрэгжилт удаашралтай байна.

Бүсийн газар тариалангийн үйлдвэрлэлд атрын 3 дугаар аяны хүрээнд сүүлийн жилүүдэд ахиц гарч байгаа ч тариалсан нийт талбайн хэмжээ ялангуяа үр тарианы талбай хөтөлбөр хэрэгжээгүй байсан 2004 оныхоос 2804 га-аар буурсан байгаад дүгнэлт хийж, амттай, төмс хүнсний ногооны бренд зарим талаар алдагдаж байгаад анхааран газар тариалангийн техник хэрэгсэлийг шинэчлэн сайжруулах, услалтын системийг сэргээж усалгаатай тариаланг нэмэгдүүлэх, хүлэмжийн болон загвар аж ахуй, газар тариаланг дэмжих сан" байгуулах зорилт бүрэн хэрэгжсэнгүй.

Нүүрсний уурхайнуудыг түшиглэн нүүрсний хийгээр ажиллах цахилгаан станц барих, техник, технологийг шинэчлэх, дулааны станцуудын менежментийг сайжруулж, шугам сүлжээг нь шинэчлэх, дулааны хангамжийн хэвийн ажиллагааг хангах зорилт хөтөлбөрийн эхний үе шатанд хэрэгжсэнгүй.

Хар ус нуурын орчинд аялал жуулчлалын цогцолбор, бүсийн аймгуудад дотоод гадаадын жуулчин хүлээн авах өндөр зэрэглэлийн буудал, жуулчны бааз, дэн буудлын сүлжээ байгуулах, аялал жуулчлалын улсын болон бүсийн нэгдсэн маршрут гаргаж замыг сайжруулах аялал жуулчлалын салбарыг бүсийн эдийн засгийн бие даасан хэмжээнд хүргэх зорилт хангалтгүй хэрэгжиж байна.
Өргөн хэрэглээний барааны бөөний худалдааны сүлжээ, түүхий эдийн бирж байгуулах үйлчилгээний цогцолборуудыг хөгжүүлэх заалтын хэрэгжилт тасалдаж байна.
Бүсийн эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийг хангахгүйгээр нийгмийн салбарт дорвитой ахиц дэвшил гарахгүй байна.

Бүсийн хөгжлийн хөтөлбөрт бүсийн хүн амын жилийн дундаж өсөлтийг 0,6 хувьд хүргэх зорилт тавьсан. Гэтэл бүсийн өрх, хүн амын тоо жилээс жилд буурч, 2010 онд суурин хүн амын тоо 407,9 мянга болж, 2006 оныхоос 3000 гаруй хүнээр буурсан байна. Энэ нь нэг сумын хүн амтай тэнцэх тоо билээ.
Баруун бүс нь нийслэл болон төвөөсөө хэт алс хол учир амьдралын өртөг өндөр, газар нутгийн бэлчээрийн өвсний хомсдол зэргээс ажил, амьдралын эрхээр иргэдийн шилжих хөдөлгөөн зогсохгүй байна.

Бүсийн хэмжээгээр эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 16,6 хувийг эзэлж байхад, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо улсын хэмжээний ажилгүйчүүдийн 20,7 хувийг эзэлж байгаа нь төвийн бүсээс даруй 6 хувиар өндөр байна.

Баруун бүсэд ядуурлын хамралтын хүрээ 48,7, ядуурлын гүнзгийрэлт 12,5, ядуурлын мэдрэмж 4,6% байгаа нь мөн улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна.
Дөрөв. Баруун бүсийн хөгжлийг шинэчлэн эрчимжүүлэн шийдвэрлэх зорилтууд

Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, УИХ-аас 2008 онд "Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-д бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгах асуудлыг зургаан тэргүүлэх чиглэлийн нэг болгон тодорхойлж, бүсчилсэн хөгжлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгох, бүс нутгийн хөгжлийг түргэтгэх, бүсийн хөгжлийн 2015 он хүртэлх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн тавьсан билээ.
Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шат 2010 онд дуусаж, II үе шатны болон урьдах шатанд хэрэгжээгүй зорилтуудыг 2015 онд багтаан хэрэгжүүлэхийн тулд баруун бүс нутгийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэн дараах асуудалд онцгой анхаарч шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүнд:
1.УИХ, Засгийн газраас баруун бүсийг хөгжлийн онцгой бүс болгож байгаль цаг уурын онцлог, газар нутгийн байршил, хэмжээ, өвөрмөц соёл, зан заншилд тохирсон шинэ үзэл баримтлал гаргаж хөрөнгө оруулалт санхүүгийн дэмжлэг түлхүү оруулж, төсөл хөтөлбөрт хамруулах тухайн бүс нутагт гадаад, дотоод зах зээлд нээлттэй байхаар хөгжүүлэх, үйлдвэр, үйлчилгээний салбарыг нэмэгдүүлж, улсын захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх

2.Бүсийн дэд бүтцийн хөгжлийг бусад бүсийн жишигт хүргэж, эхний ээлжинд мянганы замын төслийн хүрээний хэвтээ болон босоо тэнхлэгийн замуудыг 2015 онд багтаан барьж дуусгах, бүсийн аймгуудыг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох ажлыг дэс дараатай шийдвэрлэх

3.Говь-Алтай, Завхан аймгуудыг эрчим хүчний эх үүсвэртэй болгож, цаашид бүсийн аймгуудыг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах үүднээс, Хөшөөтийн уурхайд 36 мвт-ын ДЦС-ыг барих болон эрчим хүчний бусад эх үүсгэврийг шинжлэн судалж бий болгох
4.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд "Бүс" гэсэн нутаг дэвсгэрийн нэгж, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай, Төсвийн тухай хуулиудад бүсийн зөвлөлийн төсөв, санхүүг зохицуулсан заалт оруулж өгөх
5.Бүсчилсэн хөгжилд онцгой анхаарч, бүсийн хөгжлийн хөтөлбөрийг бүрэн хангая гэвэл бүсийн зөвлөлийн ажлыг хавсарга байдлаас гаргаж Засгийн газрын гишүүний эрх мэдэлтэй, бусад аймгуудынхаа дарга нарын ажлыг үнэлж, дүгнэж, хариуцлага тооцож байх, бүсийн зөвлөлийн албыг бие даасан бүтэц, орон тоотой үйл ажиллагаа тогтмол явуулах төсөвтэй болгох
6.Улсын нэгдсэн төсөв баталдаг өнөөгийн практикийг өөрчлөх эрх зүйн зохицуулалт хийж, хөрөнгө оруулалт, санхүүжилт, хуваарилалтын тодорхой эрх мэдлийг бүсэд олгох

7.Баруун бүсийн хэмжээгээр ДНБ-ний 60 гаруй хувийг ХАА-н салбар эзэлж байгаа тул мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эцэслэн боловсруулах, экспортын баримжаатай жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ойрын 2 жилд багтаан бүсийн тулгуур төвүүдэд үйлдвэрлэл, технологийн парк, аймгийн төвүүдэд жижиг, дунд үйлдвэрүүд байгуулах, мөн бүсийн аймгуудад байгаа мах боловсруулах үйлдвэрүүдийг түшиглэн мал бэлтгэх бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөл бүрдүүлэх

8.Бүсийн аймгуудад байгаа алт, мөнгө, зэс, ховор металл зэрэг ашигт малтмалын геологи хайгуулын ажлыг гүйцэтгүүлж, ашиглалтад оруулах бэлтгэлийг хангах, Хөшөөт, Хотгор, Хар тарвагатай, Хүдэн, Их мянган, Зээгт, Хүрэнтолгойн нүүрсний уурхайнуудын нүүрс олборлолтыг нэмэгдүүлэх, боловсруулж экспортлох, хийн түлш үйлдвэрлэх, Ховд, Говь-Алтайн нутагт газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэх зэргээр уул уурхайн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах

9.Баруун бүс нутагт өндөр мэргэжилтэй мэргэшсэн /эмч, уул уурхай, техникийн ухааны инженерүүд/ боловсон хүчнийг төрийн бодлого дэмжлэгтэйгээр суурьшуулах, томоохон албан байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах

10.Баруун бүсийн унаган төрхөөрөө байгаа онгон дагшин уулс, хангай говь хосолсон байгалийн сонин тогтоц, олон ястан угсаатны түүх, соёл, ахуй, зан заншил зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэх ихээхэн нөөц бүтээгдэхүүн, боломжийг түшиглэн аялал жуулчлалын цогцолбор бааз байгуулах улс бүсийн нэгдсэн аяллын маршрут сүлжээтэй болж аялал жуулчлалыг бүсийн эдийн засагт нөлөөлөхүйц салбарын түвшинд хүргэж хөгжүүлэх

11.Бүсийн нийгмийн хөгжлийн хүрээнд ажилгүйдлийн түвшин, ядуурлыг бууруулах боловсролын салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж, бүх шатны сургуулиудын сургалтын чанар, багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургуулийн өмнөх насны хүүхдийн хамран сургалт, бага ангийн багш нарын хүрэлцээг нэмэгдүүлэх

12.Эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эмч нарын хүрэлцээ, тэдний мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, БОЭ Төвийг нарийн мэргэжлийн эмч нараар хангах сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжтэй болгож эх нялхсын эндэгдлийг улсын дундаж үзүүлэлтэд хүртэл бууруулах талаар тууштай арга хэмжээ авах

13.Увс, Ховд аймгийн Дулааны станцын техник болон шугам сүлжээний шинэчлэл эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулан тендер зарлуулж яаралтай эхлүүлж богино хугацаанд гүйцэтгэж ард иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг хангах

14.Байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, бэлчээрийн талхагдал, цөлжилтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, байгалийн гамшгаас сэргийлэх талаар оновчтой бодлого явуулж, олон нийтийн оролцоо, төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаад дотоодын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулж тодорхой үр дүнд хүрэх

Монгол улсын төр, засгаас улс орноо бүсчлэн хөгжүүлэх талаар олон чухал баримт бичиг тогтоол шийдвэр, хууль гаргасан боловч удирдлагын оновчтой тогтолцоо, санхүүгийн дэмжлэг, төсөл хөтөлбөрийг улс бүсийнхээ тулгуур суурь хөгжилд зарцуулж чадахгүй байна.
Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт хөрөнгө оруулалт санхүүжилтыг жил бүр УИХ-аар хуульчлан баталдаг боловч бүсээр төлөвлөж, бүс нутгийг хөгжүүлэхэд зориулан тусгайлан төсөв санхүүжилт хуваарилахгүйгээс "Бүсийн хөгжлийг дэмжих сан" болон "Бүсийн хэлэлцээр" байгуулах Засгийн газрын тогтоол шийдвэрүүд хэрэгжихгүй байна.
Аймгийн Засаг даргаар ахлуулсан бүсийн зөвлөл нэртэй энэхүү байгууллага нь бүс нутгийг хөгжүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжгүй нь үйл ажиллагаагаар харагдаж байгаад дүгнэлт хийж, удирдлага зохион байгуулалтын оновчтой бүтэц бий болгох
Энэ бүхэн "Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай" хууль болон бүсчилсэн хөгжилтэй холбоотой зарим тогтоол шийдвэрийг бусад холбогдох хууль эрх зүйн акттай уялдуулан өөрчилж, бүсчилсэн хөгжлийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, зохицуулах удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгоход мөнгө, санхүү байхгүй байгаа тул санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгох ажлын зайлшгүй шаардлага байна.


Баруун бүсийн зөвлөл

 

 

Хандалт: 6152
Сэтгэгдэлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижиг | том

busy
 

Монгол Улсын бүсчилсэн хөгжил

Баруун бүс
Говь-Алтай аймаг
Завхан аймаг
Хангайн бүс
Архангай аймаг
Баянхонгор аймаг
Булган аймаг
Орхон аймаг
Өвөрхангай аймаг
Хөвсгөл аймаг
Улаанбаатар хот
Төвийн бүс
Говьсүмбэр аймаг
Дархан-Уул аймаг
Дундговь аймаг
Сэлэнгэ аймаг
Төв аймаг
Зүүн бүс
Сүхбаатар аймаг

Group 1

http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/437049Koala.jpg http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/870746Tulips.jpg

Group 2

http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/557817Jellyfish.jpg http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/545119Desert.jpg

Group 3

http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/908915Hydrangeas.jpg