www.monregion.gov.mn
Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 15 өдөр, Баасан гариг

Цалин хөлсийг ирэх 2,5 дугаар сард нэмэхийн тулд төсөвт тодотгол хийнэ. PDF Хэвлэх И-мэйл
Засгийн газрын хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:Төсвийн байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг 2012 оны 2 дугаар сарын 01 болон 5 дугаар сарын 01-ний өдрөөс хуулиар тогтоосон хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлыг судлан үзэж, 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулахыг Сангийн сайдад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Цалинг дээрх хугацаанд нэмэхийг багш нар шаардан ажил хаяж, үүнийг Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд хэлэлцэн асуудлыг нийгмийн гурван талт зөвшилцлийн хүрээнд шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тэргүүний өгсөн чиглэлийн дагуу талууд хэлэлцээрийн ширээний ард сууж тохиролцоонд хүрсэн юм.

Энэ дагуу ажил хаясан багш, бусад ажилтанд ажил хаясан хугацаанд нь дундаж цалин хөлснөөс бодож олговор өгөх, Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхэлсэн учир ажил хаялтыг зогсоох, хуульд өөрчлөлт оруулж ирэх оны 2 дугаар сарын 01, 5 дугаар сарын 01-ний өдрөөс цалин нэмэх тухай асуудлыг шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахаар болсон юм.

"УРТ НЭРТЭЙ" ГЭГДДЭГ ХУУЛИЙН ТАЛААР ГАРСАН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

"Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Гурван талт Үндэсний хорооноос зөвлөмж гаргасан байна. Зөвлөмжийг тус хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Үндэсний хорооноос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авах, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгасан байна.

Зөвлөмжид:

* Засгийн газрын тогтоолын дагуу гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон орд ашиглах зорилгоор олгосон тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөн сэргээлт, уурхайн хаалт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг тууштай хэрэгжүүлэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгах, нөхөн сэргээлт хийхээс зайлсхийсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Ашигт малтмалын газарт даалгах
* "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуульд заасны дагуу дээрх газрын хилийн заагийг иж бүрэн тогтоож, Засгийн газраар батлуулах арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд чиглэл болгох
* Хилийн заагт ороогүй орхигдсон алтны шороон ордын тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг холбогдох яамдад даалгах
* Дээрх газартай давхцаж байгаа алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээх ажлын зардлыг тогтоох ажилд хяналт, мониторинг хийхэд иргэний нийгэм, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулах
* Хуулийг тодорхой үе шат, хугацаанд бодитой хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд нарт даалгах
* Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөн олговроос суутгах байгаль орчны хохирол, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, тэдгээрт нөхөн олговор олгохгүй байх нөхцлийг тогтоож, нөхөн олговрын хэмжээг эцэслэн баталгаажуулахаар Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газрынхан бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгааг Гурван талт Үндэсний хороо дэмжиж байгааг тусгасан байна.

НҮҮРС, ТӨМРИЙН ХҮДРИЙН БОРЛУУЛАЛТАД ЭКСПОРТЫН 5 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ

Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзлээ. Төсөлд нүүрс, төмрийн хүдрийн борлуулалтын үнэлгээнээс нь тооцож экспортын гаалийн татварыг 5 хувиар ногдуулж байхаар тусгасан байна. Аж ахуйн нэгжүүд аж ахуйн нэгжийн орлогын, нэмэгдсэн өртгийн, ашигт малтмалын нөөц ашигласны, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр зэрэгт татвар төлдөг.

Нүүрсний компаниудын хувьд татварын хувь хэмжээ 37-40 хувь хүрч эдгээр татвар, төлбөр дээр экспортын татвар нэмж ногдуулах нь татварын ачаалал хэт өндөр болно гэж Засгийн газар үзэж байна. Мөн эдийн засгийн тэргүүлэх салбар болсон уул уурхайн салбарын татварын дарамтыг нэмэх нь хөгжлийг сааруулж, хөрөнгө оруулалтыг хязгаарлах сөрөг нөлөөтэй. Иймээс хуулийн төслийг Гаалийн тарифын зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох мэргэжлийн холбоодын санал, дүгнэлтийг авч эцэслэн боловсруулах шаардлагатай гэж үзлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.БАТХҮҮГИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСӨЛТЭЙ НЭГТГЭН ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Гишүүн Г.Батхүүгийн төсөлд гаднаас авчирч дотооддоо борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ.

Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2008 оны хуулийн дагуу импортоор оруулсан 7.2 мянган тонн эрдэс бордоо, 2.5 мянган тонн ургамал хамгааллын бодис, 2.4 мянган ширхэг өндөр хүчин чадалтай болон бага оврын трактор, газар тариалангийн, усалгааны, гурилын үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжид 30 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлээд байна. Үүний дүнд газар тариаланд ашиглах тракторын 80 хувь, ургац хураах техникийн 65 хувь нь шинэчлэгдэж, тариалангийн талбайн хэмжээг 618 мянга га-д хүргэж, нэгж талбайгаас хурааж авах ургацын дундаж нэмэгдсэн юм. Ингэснээр энэ онд жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоос хангах боломж бүрдэн, ургац хураалтыг өнгөрсөн жилийнхээс 10-12 хоногоор богиносгох боломжтой болжээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ

Улсын хөрөнгө оруулалт, түүний үр ашгийн өнөөгийн байдал, цаашдын хандлага, тулгамдаж байгаа асуудлын талаар Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Төр, засгаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр олон ажил хийсний дүнд 2010 оны хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оноос 1224.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байжээ. Энэ онд гэхэд л 2000 оны хөрөнгө оруулалтын хэмжээнээс 31,5 дахин, 2005 оныхоос 15 дахин их хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд хувийн хөрөнгө оруулалт нь улсынхаас 1.75 дахин өндөр үр ашигтай байгаа нь судалгаа гарчээ.

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2016 он хүртэл ямар байхыг ч Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо таамагласан байна. Эндээс үзвэл ирэх онд энэ хэмжээ 18063.6 тэрбум, 2013 онд 21787 тэрбум, 2014 онд 26231 тэрбум, 2015 онд 31788 тэрбум төгрөг байх нь. Төсвийн хөрөнгө оруулалт 2012 оны түвшинд байна гэж үзвэл нийт хөрөнгө оруулалт ирэх жил 6314.7 тэрбум, 2013 онд 6789.5 тэрбум, 2014 онд 6906.5 тэрбум, 2015 онд 7515.4 тэрбум төгрөг байх төлөв гарчээ.

2016 он хүртэл улсын хэмжээнд 35,68 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Засгийн газар "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр, "Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор", төмөр зам зэргийг Хөгжлийн банкны урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. Мөн хувийн хөрөнгө оруулалт орох таатай нөхцөл болгож, эдийн засгийн дэд бүтэц болон бусад зөөлөн дэд бүтцийг төсвийн хөрөнгө оруулалтаар хангах бодлого баримталж байгаа юм.

ТОВЧ МЭДЭЭ

* Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хотхоныг Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Шивээтийн хөндийд 1000 гаруй га газарт "Силикон валли"-ийн хамт байршуулахаар төлөвлөсөн. Энэ газар нь мөнх цэвдэгтэй бөгөөд барилга барих нөхцөл хүнд, зохих стандарт хангасан тохиолдолд барьж болох ч эрсдэл ихтэй, барилгын өртөг 2 дахин ихсэнэ гэсэн дүгнэлт гарчээ. Асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн их сургуулиудын нэгдсэн хотхоныг Багануур дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 мянга га газарт байгуулахаар өөрчиллөө.
* Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд согтууруулах ундаа гэсэн нэр томъёо нэмэх, шар айраг, дарсанд онцгой албан татварын тэмдэг наах зэргийг тусгажээ.
* Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хэлэлцээд, гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Төсөл батлагдсанаар Сургалтын төрийн сангийн эрх зүйн орчинг тодорхойлсон хууль, тогтоомжийн зохицол сайжирч, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрдэх юм. Мөн салбарын сайдын багцад төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын тогтмол зардлын 6.3 тэрбум, зохих албан тушаалтан тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардлын 504 сая, их, дээд сургуулийн багш нарын мэргэшил дээшлүүлэх зардлын 27 сая төгрөг Сургалтын төрийн санд нэмж төвлөрөх юм байна. Түүнчлэн суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээлийн эх үүсвэрт 138 тэрбум төгрөг төвлөрөх бөгөөд эдгээр хөрөнгө ирэх оны улсын төсөвт тусгагджээ.
* Ирэх жил тусгай зориулалтаар 50 угалз, 120 тэх, 5 халиун буга, 150 цагаан зээр, 40 саарал чоно, 40 бор гөрөөс, 10 зэрлэг гахай, 300 хүртэл тооны ой, хээрийн агнуурын шувуу агнуулахаар болов. Тусгай төлбөртэйгээр агнуулах ховор амьтны тоог цөөрүүлэх, төлбөр, хураамжийг нэмэх, элбэг амьтны тоог нэмэгдүүлэх замаар төлбөртэй ангаас төсөвт орох орлогын хэмжээг тогтвортой барих бодлого үр дүнгээ өгсөн тул агнуулах ангийн тоог өмнөх оноос нэмэхгүй байхаар шийджээ. Ангийн төлбөр, хураамжийн орлогоос сүүлийн 5 жилд 8 тэрбум гаруй төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна. Түүнчлэн олон улсын ангийн үзэсгэлэн худалдааны үеэр манай улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим амьтан агнах эрхийг дуудлага худалдаанд оруулахыг салбарын сайдад Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө.
* Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямбын санаачлан боловсруулсан Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хууль, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах, нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
* "Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм"-ийг баталлаа. Нэг төвд ногдох иргэний тоо нь нийслэлд 8 мянгаас доошгүй, аймаг, суурин газарт 6 мянгаас доошгүй байна. Төвийг нөхөрлөл хэлбэрээр нийслэл, аймгийн төв, нэгдсэн эмнэлэгтэй суурин газарт байгуулах юм. Төв нь иргэдэд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах хүний нөөц, байр, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгслээр хангагдсан байх ёстойг дүрэмд заажээ. Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох зардлын хэмжээг хүн амын бүтэц, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ, нэр төрөл, бодит өртөг, үнийн өсөлттэй уялдуулан шинэчлэн тогтоож байхаар боллоо.
* "Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөө"-г хамтран баталж, хэрэгжүүлэх, мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгаж байхаар шийдвэрлэлээ.
* "Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай Гуравдугаар протокол"-д нэгдэн орох тухай хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.
* Засгийн газар өнгөрсөн сард 6 удаа хуралдаж, 67 асуудлыг хэлэлцэн, 20 асуудалтай танилцсан байна. ҮҮнээс 11 асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, 4-ийг хууль санаачлагчид уламжлахаар, 3-ыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 1 асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 3 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж, 5 асуудлыг хойшлуулжээ.

Мэдээний бүлэг: ЗГ-ын хуралдаан , Ерөнхий сайд ,

Хандалт: 7234
Сэтгэгдэлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижиг | том

busy
 

Монгол Улсын бүсчилсэн хөгжил

Баруун бүс
Говь-Алтай аймаг
Завхан аймаг
Хангайн бүс
Архангай аймаг
Баянхонгор аймаг
Булган аймаг
Орхон аймаг
Өвөрхангай аймаг
Хөвсгөл аймаг
Улаанбаатар хот
Төвийн бүс
Говьсүмбэр аймаг
Дархан-Уул аймаг
Дундговь аймаг
Сэлэнгэ аймаг
Төв аймаг
Зүүн бүс
Сүхбаатар аймаг

Group 1

http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/437049Koala.jpg http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/870746Tulips.jpg

Group 2

http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/557817Jellyfish.jpg http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/545119Desert.jpg

Group 3

http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/908915Hydrangeas.jpg