www.monregion.gov.mn
Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 15 өдөр, Баасан гариг

Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль PDF Хэвлэх И-мэйл
(2003.05.30-нд батлагдсан)
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэнцлийг хангах үүднээс эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалттай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль тогтоомж
2.1. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “бүсийн хөгжлийн тулгуур төв” гэж тухайн бүсийг гадаад, дотоод зах зээлтэй холбоход байгаль, эдийн засгийн нөхцөлийн хувьд тохиромжтой байрласан улсын зэрэглэлтэй хотыг;
3.1.2. “орон нутгийн хөгжлийн төв” гэж тухайн бүс нутгийн хүн амын нийгэм, эдийн засгийн хөгжилд голлох үүрэгтэй, үйлдвэрлэл, үйлчилгээний дэд бүтэц бүхий аймгийн зэрэглэлтэй хотыг.

4 дүгээр зүйл. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын үндсэн зарчим
4.1. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
4.1.1. үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдлэх;
4.1.2. бүс нутгийн нийгэм, соёлын харьцангуй жигд хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн нэгдмэл орчныг бүрдүүлэх;
4.1.3. хүн амын нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, соёл, боловсролын үйлчилгээг тухайн бүс дотор нь аймаг, орон нутгийн чадавхид түшиглэн цогцолбороор шийдвэрлэх;
4.1.4. бүс нутгийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлж, тэдгээрийн бие даан хөгжих боломжийг хангах;
4.1.5. нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг хүндэтгэх, тэдгээрийн онцгой бүрэн эрхэд хамаарах асуудалд хөндлөнгөөс үл оролцох;
4.1.6. эдийн засгийн өсөлтийг хангахад голлох үүрэг бүхий бүс нутгийг түлхүү анхаарч хөгжүүлэх.

5 дугаар зүйл. Эдийн засгийг бүсчилэн зохицуулах үйл ажиллагааны шалгуур
5.1. Энэ хуульд заасны дагуу бүс нутгийг зохион байгуулахдаа дор дурдсан шаардлагыг үндэс болгоно:
5.1.1. байгаль орчиндоо зохицсон эдийн засгийн оновчтой бүтэцтэй байх;
5.1.2. үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой салбарыг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлсэн байх;
5.1.3. бүс нутаг хоорондоо болон дотоод, гадаад зах зээлтэй дэд бүтцийн босоо, хэвтээ тэнхлэгээр холбогдсон байх;
5.1.4. бүсийн хөгжлийн тулгуур төвтэй байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалт

6 дугаар зүйл. Үндэсний хороо
6.1. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын ерөнхий стратегийг тодорхойлох чиг үүрэг бүхий орон тооны бус Үндэсний хороо Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд ажиллана.
6.2. Yндэсний хороо нь дараахь бүрэлдэхүүнтэй байна:
6.2.1. Yндэсний хорооны дарга, орлогч дарга;
6.2.2. Засгийн газрын гишүүн-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
6.2.3. байгаль орчин, зам тээвэр, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, түлш эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд;
6.2.4. энэ хуулийн 6.2.3-т зааснаас бусад яамдын Төрийн нарийн бичгийн дарга;
6.2.5. бүсийн Зөвлөлийн дарга нар.
6.3. Үндэсний хорооны дарга нь Ерөнхий сайд, орлогч дарга нь бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
6.4. Бүсийн зөвлөлийн дарга нараас бусад Үндэсний хорооны гишүүдийг Үндэсний хорооны дарга томилж, чөлөөлнө.
6.5.Үндэсний хороо нь ажлын албатай байна. Ажлын албаны үүргийг шадар ажлын алба хэрэгжүүлнэ.
6.6. Үндэсний хорооны дүрэм, ажиллах журмыг Засгийн газар батална.

7 дугаар зүйл. Бүсийн зөвлөл
7.1. Бүсийн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ нь бүс нутгийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүсийн нийгэм, эдийн засгийн асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага мөн.
7.2. Зөвлөл нь дараахь бүрэлдэхүүнтэй байна:
7.2.1. Зөвлөлийн дарга;
7.2.2. тухайн бүсэд багтаж буй аймгийн Засаг дарга;
7.2.3. бүсийн хөгжлийн тулгуур төв хотын захирагч;
7.2.4. нийслэлийн хувьд нийслэл, дүүргийн Засаг дарга, дагуул хотын захирагч.
7.3. Зөвлөлийн бүрэлдэхүүнд дараахь байгууллагын төлөөллийг оруулж болно:
7.3.1. тухайн бүсэд багтаж буй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;
7.3.2. иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны хамтын ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллага;
7.3.3. тухайн бүсийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй дотоод, гадаадын хөрөнгө оруулагч байгууллага, аж ахуйн нэгж.
7.4. Нийслэлийнхээс бусад Зөвлөлийн даргын бүрэн эрхийг тухайн бүсэд багтах аймгийн Засаг дарга нараас Монгол Улсын Ерөнхий сайдын томилсон аймгийн Засаг дарга хэрэгжүүлнэ.
7.5. Нийслэлийн бүсийн Зөвлөлийн дарга нь нийслэлийн Засаг дарга байна.
7.6. Ерөнхий сайд тухайн зөвлөлийн даргын саналыг үндэслэн зөвлөлийн бүрэлдэхүүнд орох гишүүдийг Зөвлөл тус бүрээр батална.

8 дугаар зүйл. Зөвлөлийн бүрэн эрх
8.1. Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1. бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүсийн хэмжээнд зохион байгуулж, үр дүнг жил бүр Үндэсний хороонд тайлагнах;
8.1.2. бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тухайн бүсийг хөгжүүлэх зорилт, арга хэмжээг тодорхойлж эдийн засаг, нийгмийн хөгжлийн жилийн үндсэн чиглэл, дунд хугацааны хөтөлбөрт тусгуулах арга хэмжээ авах;
8.1.3. тухайн бүсийн хэмжээнд төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн ажлыг нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах;
8.1.4. тухайн бүсийн хөгжлийн асуудлаар холбогдох төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний хороонд, шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт санал оруулж шийдвэрлүүлэх;
8.1.5. бүс нутгийн хөгжлийн асуудлаар нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэн, хуулийн этгээдээс тавьсан санал, хүсэлтийг судалж холбогдох арга хэмжээ авах;
8.1.6. тухайн бүсийн хэмжээнд бүс нутгийн хөгжлийн асуудлаар бүсчилсэн зөвлөлгөөн, уулзалт, үзүүлэх сургууль санаачлан зохион байгуулах;
8.1.7. тухайн бүсийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх талаар иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагаас тавьж буй санал, санаачлагыг дэмжин зохион байгуулалтын удирдлагаар хангах;
8.1.8. бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулсан аргачлал, зааврын дагуу бүсийн хөгжлийн талаархи судалгаа, мэдээллийг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх;
8.1.9. бүсийн тэжээл тариалах, хадлан хадах талбай болон бэлчээр нутгийг тодорхойлох, байгалийн гамшгаас мал сүргийг урьдчилан сэргийлэх, хамгаалах бүс нутгийн сүлжээ бүрдүүлэх;
8.1.10. бүсийн онцлогтой холбогдсон эдийн засгийн бодлогын асуудлаар саналаа Засгийн газарт тавих;
8.1.11. бүсийн дэд бүтцийг байгуулах, ашиглах асуудлыг санаачлан хэрэгжүүлэх.
8.2. Зөвлөл нь чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргуулах шаардлага гарвал уг асуудлыг зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлнэ.

9 дүгээр зүйл. Зөвлөлийн даргын бүрэн эрх
9.1. Зөвлөлийн дарга нь дараахь бүрэн эрхтэй:
9.1.1. Зөвлөлийн ажлыг удирдан зохицуулах;
9.1.2. Зөвлөлийн хурлыг товлон хуралдуулах;
9.1.3.Засгийн газар, Үндэсний хороо, бүсийн Зөвлөлд Зөвлөлийнхөө бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэрийн төсөл санаачилж хэлэлцүүлэх.
9.2. Зөвлөлийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргаж, тогтоосон загварын тамга, тэмдэг хэрэглэнэ.

10дугаар зүйл. Зөвлөлийн ажиллах журам
10.1. Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хурал байна.
10.2. Зөвлөлийн хурлын дэгийг Зөвлөл өөрөө тогтооно.
10.3 Засгийн газрын санаачилгаар Зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж болно.
10.4. Зөвлөл өөрийн эрх хэмжээний асуудлаар тогтоол гаргана.
10.5. Зөвлөлийн өдөр тутмын ажлыг Зөвлөлийн даргаар ажиллаж байгаа тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэнэ.
10.6. Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
10.7. Зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар тогтоож мөрдүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын
талаархи төрийн байгууллагуудын бүрэн эрх

11 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
11.1. Улсын Их Хурал нь бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах;
11.1.2. бүсчилсэн хөгжлийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
11.1.3. эдийн засгийн бүсчлэлийн ерөнхий бүдүүвч, бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийг тогтоох;
11.1.4. бүсүүдийн хөгжлийн стратегийг хэлэлцэж батлах;
11.1.5. тодорхой бүс нутагт зам тээвэр, эрчим хүч, холбоо, мэдээллийн үндсэн тэнхлэгийн сүлжээг байгуулах бодлогыг тодорхойлох;
11.1.6. бүсийн хөгжлийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах.

12 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
12.1. Засгийн газар бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1. бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
12.1.2. бүсийн хөгжлийн хөтөлбөрийг батлах, бүсийн хөгжлийн стратегийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
12.1.3. орон нутгийн хөгжлийн төвүүдийг тогтоох;
12.1.4. бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах;
12.1.5. бүс нутгийн хөгжлийг хөрөнгө оруулалт, татвар, зээлийн бодлогоор дэмжих арга, хэлбэрийг судлан тогтоож, саналаа Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх;
12.1.6. бүс нутгийн хөгжлийн асуудлаар төрийн захиргааны төв байгууллага, Зөвлөлүүдийн хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
12.1.7. бүсийн хөгжлийн талаархи олон улсын гэрээ, хэлэлцээрийг байгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;
12.1.8. бүс нутгийн хөгжилд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих;
12.1.9. дэд бүтцийн үндсэн тэнхлэгийн замуудыг барьж байгуулах ажлыг бүс нутгийн хөгжлийн бодлогод нийцүүлэх.

13 дугаар зүйл. Бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
13.1.Бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1. бүсийн хөгжлийн стратегийг боловсруулан Засгийн газарт оруулах;
13.1.2. бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан аймаг, нийслэлийн болон сумын хөгжлийн хөтөлбөр боловсруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
13.1.3. бүс нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын оролцоог өргөжүүлэх арга хэмжээ авах;
13.1.4. бүс нутгийн хөгжлийн тодорхой асуудлаар судалгаа шинжилгээний төсөл захиалах, тендерт шалгарсан төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
13.1.5.Үндэсний хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн зөвөлгөөгөөр хангах;
13.1.6. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

14 дүгээр зүйл. Төрийн захиргааны бусад төв байгууллагын бүрэн эрх
14.1.Төрийн захиргааны бусад төв байгууллага нь бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1. бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан салбарын хөгжлийн үндсэн чиглэл. хөтөлбөр, төслийг боловсруулж хэрэгжүүлэх;
14.1.2. эдийн засгийн бүсчлэлийн ерөнхий бүдүүвчтэй уялдуулан салбарын бүсчлэл, байршлын бүдүүвчийг тогтоож, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн хөгжил, байршлыг зохицуулах;
14.1.3. бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар тухайн салбарын хүрээнд явуулж байгаа үйл ажиллагааг Үндэсний хороонд тайлагнах;
14.1.4. салбарын хүрээний асуудлаар Зөвлөлүүдийн ажлыг уялдуулан зохицуулж, мэргэжлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах;
14.1.5. салбарын зорилтыг бүс нутгийн хөгжлийн асуудалтай уялдуулах зорилгоор бүсчилсэн зөвлөлгөөн, уулзалт санаачлан зохион байгуулах;
14.1.6. бүс нутгийн хөгжлийн асуудлаар салбарынхаа хүрээнд судалгаа, шинжилгээ хийх, зураг төсөв зохиох төслийн тендер зарлаж, шалгарсан төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
14.1.7. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын
талаархи нутгийн удирдлагын байгууллагын бүрэн эрх

15 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх.
15.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1. бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсийн хөгжлийн стратегитэй уялдуулан нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, хэтийн төлөвийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
15.1.2. бүс нутгийн хөгжлийн асуудлаар Засаг даргын тайланг хэлэлцэх;
15.1.3. бүсийн хөгжлийн нийтлэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор тухайн бүсэд багтах бусад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ажиллах;
15.1.4. бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын оролцоог дэмжин чиглүүлэх;
15.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
15.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.2.1.Зөвлөлийн даргаар томилогдон ажиллах хугацаанд Зөвлөлийн даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
15.2.2. тухайн бүс нутгийн хөгжлийн асуудлаар Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, түүний үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэх;
15.2.3. бүс нутгийн хөгжилд улсын төсвөөс оруулж буй хөрөнгө оруулалт болон санхүүгийн бусад дэмжлэгийг зориулалтын нь дагуу үр ашигтай ашиглах;
15.2.4. бүс нутгийн хөгжлийн талаар хийж байгаа ажлын үр дүнг Зөвлөлд тайлагнах;
15.2.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

ТАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

16 дугаар зүйл. Бүс нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны санхүүжилт
16.1. Бүс нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны санхүүжилт нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
16.1.1. улсын болон орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө;
16.1.2. гадаад улс, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжийн хөрөнгө;
16.1.3. иргэн, хуулийн этгээдийн бүс нутгийн хөгжилд зориулан олгосон зээл, хандив, тусламжийн хөрөнгө.
16.2. Энэ хуулийн 16.1-д заасан хөрөнгийг тухайн бүсийн хөгжлийг дэмжих санд төвлөрүүлэн, Зөвлөлийн шийдвэрийн дагуу Зөвлөлийн дарга зарцуулах бөгөөд уг санг байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар тогтооно.

17 дугаар зүйл. Бүсийн хэлэлцээр
17.1. Улсын болон бүс нутгийн хөгжлийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд Засгийн газар, түүнийг төлөөлж төрийн захиргааны холбогдох төв байгууллага, бүсийн хэмжээнд Зөвлөл нь бүсийн хэлэлцээрийг байгуулан ажиллаж болно.
17.2. Бүсийн хэлэлцээрээр дор дурдсан асуудлыг зохицуулна:
17.2.1. улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр тухайн бүсэд дэд бүтцийг байгуулах;
17.2.2. тухайн бүсийн байгалийн баялгийг зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах;
17.2.3. тухайн бүсийн хэмжээнд хүн амын суурьшил, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах;
17.2.4. бүсийн хөгжлийн тулгуур төв, орон нутгийн хөгжлийн төв, хотуудыг тохижуулж хөгжүүлэх;
17.2.5. гадаад улс, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
17.2.6. тухайн бүсээс экспортод нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ, зах зээлийг зохицуулах.
17.3. Бүсийн хэлэлцээр байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно.
17.4. Бүсийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг түүнд тодорхойлсон нөхцөл, болзлын дагуу талууд тохиролцсоноор шийдвэрлэх бөгөөд түүний биелэлтэд оролцогч талууд, Засгийн газар, Зөвлөл хяналт тавина.
17.5. Бүсийн хэлэлцээрээр нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хөндөж байвал уг асуудлаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөж нэгдсэн санал дүгнэлтэд хүрсэн байна.

18 дугаар зүйл. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын асуудлаар үүссэн маргааныг шийдвэрлэх
18.1. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын асуудлаар төрийн aзахиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, Зөвлөлийн хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Засгийн газар шийдвэрлэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
 

Монгол Улсын бүсчилсэн хөгжил

Баруун бүс
Говь-Алтай аймаг
Завхан аймаг
Хангайн бүс
Архангай аймаг
Баянхонгор аймаг
Булган аймаг
Орхон аймаг
Өвөрхангай аймаг
Хөвсгөл аймаг
Улаанбаатар хот
Төвийн бүс
Говьсүмбэр аймаг
Дархан-Уул аймаг
Дундговь аймаг
Сэлэнгэ аймаг
Төв аймаг
Зүүн бүс
Сүхбаатар аймаг

Group 1

http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/437049Koala.jpg http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/870746Tulips.jpg

Group 2

http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/557817Jellyfish.jpg http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/545119Desert.jpg

Group 3

http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/908915Hydrangeas.jpg